Wednesday, July 2, 2008

Кино юу, бодит байдал уу

Гадаа гудамжаар хэлхэлдэх буу агсаж, бамбай барьсан ногоон алаг хувцастай цэргүүд, замын уулзварууд дээрх ногоон эрээн өнгөтэй байлдааны машиныг хараад ийм бодол төрлөө. Үнэндээ тэднийг хараад нуруу руу хүйт оргиж, дотор арзасхийж байхым. Ийм зүйлсийг урд өмнө киноноос, эсвэл зурагнаас мөн хүүхдийн тоглоомноос л харж байснаас яг жинхэнэ амьдаар нь ийнхүү нүүр тулан харж байгаагүй учир тэгтлээ сэрхийтэл цочиж, жихүйцэн сэжиглэж буй хэрэг болов уу (үнэндээ амьдаар нь харах юм гэж бодох нь бүү хэл зүүдэлж ч явсангүй). Монголчууд амны билгээс ашдын билэг хэмээн муу үйл хийх байтугай муу, билэггүй үг хэлэхээс цээрлэдэг сэн. Гэтэл өнөөдөр өөдөөс нь өнгөлзөн турхирах дайсангүй атлаа өвөр хоорондоо тэрсэлдэж хүйтэн зэвсэг агсаж байгаа нь яав ч сайны ёр биш. Хүүхэд байхад хуучны учир мэдэх хөгшчүүд олон хүмүүсийн хоорондын зөрчил (дайн байлдаан, бослого үймээн мэтийн) байгаль дэлхийд (сүүлийн үед их яригдаж байгаа энергийн түвшинд) нөлөөлдөг гэж ярьж байхыг дуулсан санагдана. Магад ч гүй юм. Хятад, Төвдийн хооронд мөргөлдөөн гарсны дараа ар араасаа цуварсан байгалийн гамшиг болж үй олон хүн өртсөн нь хоорондоо холбоотой байж болох. Хүний хийж байгаа үйл хөдлөлийг яаж ийж байгаад зогсоож дөнгөнө, учир нь хүн л хийж байгаа учраас. Харин байгалийн догшрол, хилэгнэлийг хэнбугай ч эсэргүүцэж, зогсоож чадахгүй. Тодорхой хугацааны дараа хүний нийгмийн энэ замбараагүй байдал намжих л байх. Харин байгаль дэлхий яах бол...

Saturday, June 28, 2008

Бороонд норж, наранд цохиулсан өдрүүд

Хотын дуу чимээ, интернэт, гар утас, сонгуулийн сурталчилгаанаас хол хөндий усан бороо, үүлэн чөлөөний хурц наран дор түргэний голын жараахайгаар шөл хийж уун хэд хоногийг өнгөрүүлэв. Энэ үеэр түүхэнд тэмдэглэгдэх шахтлаа мартагдсан зүс бороо залхтал хэдэн өдөр оров шүү. Гэхдээ нар буцах өдөр бороо орсон нь зун шиг зун болоход ярих юмгүй сайн. Хотын хүнд агаараас хөдөөгийн цэнгэг агаарт гарсан даруй дэр толгой хоёрыг нийлүүлэв үү гүй юу долоо, найман цагийн турш нэг байрлал дээрээ үхсэн мэт нам унтаж зүг зүгийн хөхөө шувууд зуу дахь удаагаа донгодохын үест наалдсан хоёр зовхийг хүчээр салгахчмуу аядан бүтэн арван хоног үзээгүй юмаа үзлээ. Хотоос гарахдаа базаасан хувцсан дотор бороо шороотой сэрүүн үед өмсөх нэг ч хувцас байдаг юм биш. Азаар шүхэр авч гарсан нь ойр зуур орж гарахад халхавч болов. Усан бороо хувцас норгохын дээр ажил нилээн хойш татснаас томилогдсон бага хугацаанд дутуу ажлаа гүйцээх гэж борооны дараах наранд нимгэн хөнгөн хувцастай явснаас өмссөн хувцасныхаа хэлбэрээр улаан хүрэн өнгийн арьсан нөмрөгтэй болсон хүн сонгуулийн сурталчилгаа дуусахтай уралдан шивтэр, чийг ханхалсан орцондоо бууснаар агь үнэртсэн тал, хөхөө донгодсон хөвчийн дэргэд өнгөрүүлсэн өдрүүд дуусгавар болов. Маргааш сонгууль болох гээд байдаг, сонгуулийн үнэмлэхээ ч аваагүй, хэнийг дугуйлахаа ч шийдээгүй хамаг ажил зуун задгай жаран хагархай л байх шив. Нар уулын цаагуур орохоос өмнө тойргийнхоо сонгуулийн штаб дээр очиж сонгуулийн үнэмлэхээ авдаг хэрэг ээ.

Sunday, June 15, 2008

Сонгуулиа гэж...

Ойрдоо сэтгэл санаа ер нил их дажгүй байна шүү. Ямар сайндаа л бүтэн сайн өдөр хэр нь хар үүрээр шахуу ажил дээрээ ирчээд бичлэг оруулж чадахгүй болохоор орохоос халгаад байсан блог руугаа шагайгаад хээбоордоо тоншоод сууж байхав. Асар хөөрөлтэй байгаан биш үү гсн. Хүсэн хүлээгээд байсан зун ч боллоо, зүлэг мод ногоороод, цэцэг ногоо ч дэлгэрчлээ. Хөдөө хотгүй хүн амьтны зоо тэнийж эхлээд, гоё л байна. Бас дээрээс нь сонгуулийн сурталчилгаа гэж нэг буянтай юм байнээ. Гудамжаар дүүрэн таньдаг, таньдаггүй агаа, эгээ нарын бурхан л ингэж сайхан инээдэг болуу гэлтэй нүүр дүүрэн малийтал, маасайтал инээсэн самбар дүүрэн зургууд хотын өнгө үзэмжийг бас ч гайгүй нэмээд байгаан бишүү (царай муутай хот хэсэг хугацаанд чигсэн өнгөлөг байгаа нь аштайв). Ууртай яваа хүн тэднийг хараад уур нь гарчаагаа байх оо, би лав тэгээд байнлээ (бүр заримдаа дуурайж инээж энэ тэр болцон явжаагаам чинь). Тэд ч инээгээд тэднийг харж би ч баясаад байдаг болжийна уу гүй юу. Уйлах хүүхдийн юу урд өдрөө умалзана гэдэг шиг юм болж сонгуулийн дараа хэн хэн нь уйлах вий дээ гсн. Орой тэлийз үзэх үнэн дуртай болсон. Зогсоо зайгүй, өөр хоорондоо уралдан гарах захиалгат нэтрүүлэг, ириклаамуудыг ер нил илагсахгүй байгаа шүү. Сайхххханнн амны билэгтэй үгнүүд л урсаад байхаар чинь үнэндээ тэлийзийг унтрааж түвдэхгүйм. Танайд ямар асуудал байгаан (хоолоо хийсиймүү, хувцаа угаасымуу нэрэлхэлгүй хэлээрэй гэх нь халаг) очоод шийдээд өгийшд гэжаагаам шиг гоё гоё мөрийн хөтөлбөрүүдийг умзад хоолойгоор уянгалуулаал байхаар ч аргагүйм байх даа. Хөгжлийн гарцыг бид, би олоод харцышүү биднийг л, намайг л сонговол таны амьдрал ок шүү дээ гээд байхаар уран сайхан үгэнд тархи нь амархан эргэдэг, олон юмнаас оновчтой сонголт хийж чаддаггүй мань мэт нь хэнийг дугуйлахаа мэдкүү манараатайхан л байшүү. Уг нь 29 болтол ч зай байна, учраа олох байгаа гсн.

Wednesday, May 21, 2008

Зун ирж байгаа

Цаг хугацаа гэж чавхдаж өгчийнаа, нээрээ. Энэ янзаараа бол цай холдохыг андахаа больсон данх сугавчилж аяга ёроолдсон "чугаа" болцон байгаагаар өөрийгөө олж авах шинжтэй. Ойрдоо блогтоо салхи оруулах нь бүү хэл энэ рүүгээ үсний үзүүрээ ч цухуйлгахаа байж. Юутай ч нэг бичлэг нэмийдээ гэж. Уг нь бол хавар болохоор их л хөөрч догдолдог сон, энэ жил хавар болж байгааг ч мэдэрч байгаа юм алга шиг. Шалтгаан нь энд тэндгүй гай гамшиг, өвчин зовлон, дээрээс нь юмны үнэ тэнгэрт хадаад энэ тэр гээд баахан сөрөг бус мэдээлэл өдөр бүр сонссоор тэр юм болуу гэж бодох. Эхний хоёр нь надаас арай холуур юм (хувиа хичээв). Сүүлийхэд нь яалтч гүй нэрвүүлээский. Орж ирж байгаа хэдэн цаас нь нэмэгдэхгүй хэрнээ гарч байгаа хэд нь даруй 2 дахин нэмэгдээд, хэрэг алга. Яахав одоохондоо үр зулзага энэ тэргүй гозон толгой байгаа болохоор хүнээс гуйчилгүй идэж уух, өмсөж зүүх хэмжээнд хар толгойгоо болгоол байх аж. Цаашид, ирээдүйд орох орон, хүүхэд шуухад энээ тэрээ яахав гээд бодохоор дотор харанхуйлж, нүд бүрэлзээд хонгилын үзүүрт байгаа гэрэл харагдахгүй төөрч будилаад бүрхэг л байна. Би ганцаараа ингэж проблемтоод байгаа биш адилхан хүмүүс хар мянгаараа байгаа гэж бодохоор уужуухан амьсгаа нэг авах, санаж явтал бүтэх биз гэж өөрийгөө тайвшруулж "унгаргийн дотор уужуухан царайлах"... нэг иймэрхүү. Гээл бичээл байвал баахан тулга тойрсон юм сараачаад байх шинжтэй стоп гсн. Ямартаа ч байгальтай хамгийн ойр байдаг, байгаль ямар гайхалтай зүйлийг бүтээж чаддгийг мэдрүүлж, харуулж, амтлуулдаг сайхан цаг ирж байгаа гэж бодохоор түрхэн ч гэсэн стрээс, дипрэсээс ангижирах юм даа. Гэхдээ энэ жилийн зун их орой болж байх шиг санагдаад бушуулаасай гэж яарах.

Tuesday, April 29, 2008

Манайхан амжилтаа давтаж, Хятадууд тасархай түрүүллэ

Бүтэн долоо хоног үргэлжилсэн Азийн физикийн 9-р олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Оролцогчдын хувьд амжилт, баяр хөөр, адал явдлаар дүүрэн байсан бололтой. Нийт 17 хүүхэд алт, 11 хүүхэд мөнгө, 17 хүүхэд хүрэл, 25 хүүхэд шагналт байрт шалгарав. Мөн шилдэг онолын бодолт, туршлагын бодолт, хамгийн өндөр оноо, шилдэг эмэгтэй оролцогч гэсэн номинацуудийг шалгаруулав. Шилдэг эмэгтэй оролцогчийн шагналыг Сингапурийн оролчогч авав. Хятад улсаас ирсэн найман оролцогчид бусад орны оролцогчдоос тасархай оноо авсан бөгөөд (нийт оноо 30 байхаас хамгийн дээд оноо 29 авсан) багийн бүх гишүүд алтан медалийн болзол хангаснаар алтан медал өвөртлөн хорин нэгдүгээр зууны хятад хүн гэдгээ харуулаад эх орон руугаа буцлаа. Эх орондоо дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг баг ийнхүү тив дотроо пижигнүүлж, гайхшруулж байхад иймэрхүү "бага гарын" уралдаанд ордоггүй 1,2,3-р эрэмбийн багийг төсөөлөөд ч хэрэггүй юм шиг. Худлаа хэлдэг хүнд бараг цэг таслалын алдаа ч гаргаагүй байсан бололтой (тэднээс сурах юм их байна даа гэсэн дүгнэлттэй хоцров шүү). Манай улсын хувьд нэг хүрэл медал (яг урдуураа буюу 0.1 оноогоор мөнгөн медалиас мултарсан), нэг шагналт байрыг авч урьд жилүүдийн амжилтаа давтлаа.
Азгүй ч гэхиймүү хөгтэй ч гэхиймүү нэг явдал болсон нь Индонезийн нэг багш Улаанбаатарт ирэнгүүтээ салхин цэцэг өвчин туссанаар юун багаа удирдах манатай халдвартад тусгаарлагдан "хоригдож" байсаар нутаг буцлаа, хөөрхий зайлуул хүний нутагт ямар олиг байхав гсн. За нэг иймэрхүү (хальт мөлт ороод гарав).

Thursday, April 24, 2008

Азийн физикчид Монголд

Цастай, нартай, шороотой, салхитай гээд л чухам хаврын тэнгэр зангаа харуулсан энэ өдрүүдэд нийслэл хотод маань Азийн физикийн 9-р олимпиад ид явагдаж байна. Хятад, Энэтхэг, Тайланд, Макао, Вьетнам, Индонез, Сингапур, Казакстан, Азербажейн, Туркменистан, Монгол, Хонгконг зэрэг нийт 18 орны 140 шахам хүүхэд оюуныхаа бярыг шавхан уралдаж байна. Оролцогч хүүхдүүд онолын болон туршлагын гэсэн хоёр үндсэн шатлалаар өрсөлдөх ёстой бөгөөд өнөөдөр сүүлийн буюу туршлагын даалгавруудаа хийж гүйцэтгэснээр хоёр өдөр тус бүр таван цагийн турш хатуу хяналтан дор бодолт, туршилт хийсэн тэдний хувьд оноогоо сонсох л үлдлээ. Тэдний бодож гүйцэтгэсэн даалгавруудыг засаж дүгнэхээр физикийн багш нарын нилээн том групп өдөр шөнөгүй ажиллаж байгаа бөгөөд тэдний шивнээнээс сэм сонсох нээ Хятад, Индонезийн оролцогчид одоогийн дүгнэгдсэн (зөвхөн бодолтын оноогоор) байдлаар нилээн шаггүй байгаа бололтой. Үг олдохоос өмнө нуршуу үгээ зогсоож сүүлийн жилүүдэд муугүй амжилт үзүүлж байгаа өөрийн орныхоо оролцогчидод хожуу ч гэсэн өндөр амжилтыг хүсээд энэ бичлэгийг цэглэе.

Monday, April 21, 2008

Хааяа санаж байхад илүүдэхгүй болов уу гэж

Хэрэв та өглөө ямар ч өвчингүй сэрсэн бол 7 хоногийн цаадахыг харж чадахгүй байгаа 1 сая хүнээс азтай юм. Аюул, доромжлол өлсгөлөнгийн зовлон амсаагүй бөгөөд танай улсад дайн, байгалийн гамшиг болоогүй, айх айдасгүй амьдарч байгаа бол та энэ дэлхийн 500 сая хүнээс азтай юм.
Хөргөгчиндөө идэх юмтай, мөрөндөө тохох хувцастай, толгой хоргодох гэртэй бол та энэ дэлхийн хүн амын 75%-иас баян хүн юм.
Та бичиг үсэг мэдэхгүй 2 миллиард хүний нэг биш учир та энэ дэлхийн боловсролтой ирээдүйтэй хүмүүсийн нэг юм.

(Жич энд байгаа тоон үзүүлэлтүүд үнэн эсэхийг нягталж үзээгүй болно)